Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан ч Өргөө кинотеатр буюу Нью Тур Сафарис ХХК зөвшөөрөлгүйгээр төрийн өмчид нэмж түрээслүүлэгч оруулах, дахин засвар хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.
Дээрх хууль бус үйл ажиллагааны талаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа өөрийн цахим хуудсандаа “Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрээ гардан авлаа. Шийдвэр нь анхан шатны шүүх хурлын шийдвэр хэвэндээ. Одоо өргөө 2 дээд шүүх руу хандах эсэхийг харна. Хурдан байраа суллуулаад төлөвлөгөөний дагуу салбарын бүтээн байгуулалтаа хиймээр байх юм” гэж нийтэлжээ.
Шүүхийн шийдвэрийн талаар тодруулбал, Мэдээллийн технологийн үндэсний парк болон "Өргөө-2" кино театр орчмын талбайн чөлөөлөлтийн асуудалтай холбоотой шүүх хурал 2025.03.31 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж. Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах буюу "Өргөө 2" кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.
Тэгвэл, Мэдээлэл, технологийн үндэсний парк (IT парк) өмчлөлийн маргаанд орж, байрны ихэнх талбайгаа бусдад алдаад байгааг нотолсон гэх албан бичгийг 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр олон нийтэд ил болов.
Тус албан бичигт дурдсанаар “Мэдээллийн технологийн үндэсний парк болон Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй Өргөө сүлжээ кинотеатр буюу Нью Тур Сафарис ХХК-д холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ны 210/МА2025/01025 дугаартай магадлал, Нью Тур Сафарис ХХК-тай байгуулсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс дуусгавар болж талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж өгөх талаар 2022 оны 10 дугааp сарын 21-ний өдрийн 1/472 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/482 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч чөлөөлж өгөөгүй болохыг шүүх дүгнэж Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хойд жигүүр болох 2526.33 мкв төрийн өмчийн талбайг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлээд байна.
Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан ч та бүхэн ямар ч зөвшөөрөлгүйгээр төрийн өмчид нэмж түрээслүүлэгч оруулах, дахин засвар хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнээс үүдэлтэй бусдад болон төрийн өмчид учирсан хохирол төлбөрийг танай байгууллага бүрэн хариуцах тул Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн энэхүү хууль бус үйл ажиллагаагаа яаралтай зогсооно уу” гэжээ.