Гавж Д.Нямсамбуу: Э.Батмагнай 3 наадамд барилдах цээртэй шүү ч гэнэ үү, шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх

Гавж Д.Нямсамбуу: Э.Батмагнай 3 наадамд барилдах цээртэй шүү ч гэнэ үү, шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх

Үндэсний их баяр наадам болон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадамд түрүүлсэн Улсын арслан Э.Батмагнайг "Увс аймгийн 100" жилийн ойн наадамд барилдаж болно, болохгүй эсэх асуудлаар цахим орчинд хоёр хэсэг болон талцаад байна. Зарим нь ид залуу, хүчтэй байгаа дээрээ Увс амйгийн 100 жилийн ойд зориулсан баяр наадамд барилд гэж байгаа бол зарим хэсэг нь томоохон гурван наадамд түрүүлэх цээртэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.  Тэгвэл уг асуудалд Гавж Д.Нямсамбуу дараах байр суурийг цахим хуудсаараа илэрхийлээ. 

Тэрбээр "Э.Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй. Эсвэл яадаг яадаг морь, хүн 3-н наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү. Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод. Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш. Хар цагаан хэл ам гэнэ. Улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд. Шунал бага байхыг ярьвал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм. Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ" гэв.