Зодооны хэрэгт холбогдож, Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.
Мөн Б.Амарсайханыг яллагдагчаар татсан бөгөөд түүнийг ирсэн даруйд мансууруулах бодис хэрэглэсэн эсэх шинжилгээг шээснээс болон цус, үсээр авах талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хилээр орж ирэхээр заасан хугацаа өчигдрөөр дуусгавар болсон. Иймд бид уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Б.Амарсайхан хилээр орж ирсэн мэдээлэл одоогоор байхгүй. Яллагдагчаар татсан учраас интерполоор эрэн сурвалжлах эрх үүссэн. Иймд интерполоор эрэн сурвалжлах хүсэлтээ өгсөн байгаа. Хилээр орж ирсэн тохиолдолд шууд саатуулж, шалгана" гэх мэдээллийг өглөө.
Сонирхуулахад, Б.Амарсайхан болон Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг Д.С-ын биед халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Түүнтэй хамт бусдыг зодсон гэх Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорьж, яллагдагчаар татаад байгаа юм.