Улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужиж, 13-35 насны залуучууд 92 хувийг эзэлж байна. Хүүхэд залуус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тунг хэтрүүлснээс үүдэн гар, хөл нь мэдээгүй болж, тайруулахаас өөр сонголтгүй болж байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Сүүлийн жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл:
- 13-17 насны 11;
- 18-25 насны 101;
- 26-35 насны 84;
- 36-аас дээш 25 байна.
Жишээлбэл, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис өөртөө тарьж хэрэглэснээр гарны судас бөглөрч, мэдээгүй болж үхэждэг. Хамгийн аюултай нь хар тамхины хор хөнөөл, үр дагаврыг огт ойлгохгүйгээр сонирхон хэрэглэж, эрүүл мэнд болон амь насаараа хохирч байна.
Харин эдгээр залуусын эцэг эх, ар гэрийнхэн нь энэ тухай огт мэдээгүй байдаг.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид, өсвөр, залуу үеийнхэнд хар тамхины хор уршгийг таниулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Анзаар” аяныг жил бүр зохион байгуулж байна. Иймд гэр бүлийнхээ гишүүдийн гар, биеийн ил хэсэгт зүү тариурын ул мөр байгаа эсэхэд хяналт тавьж, мөн зан ааш өөрчлөгдөх, шөнө оройн цагаар гадуур явах, нөхөрлөж буй хүрээллийг нь анзаарахыг зөвлөж байна.