О.Мөнх-Очир: Цэргийн алба хаах гэж анх удаа хотод ирэхдээ “Төрийн есөн хөлт цагаан туг”-аа өргөөд “Төв цэнгэлдэх”-д залах ёслолд оролцоно гэж төсөөлөөгүй

О.Мөнх-Очир: Цэргийн алба хаах гэж анх удаа хотод ирэхдээ “Төрийн есөн хөлт цагаан туг”-аа өргөөд “Төв цэнгэлдэх”-д залах ёслолд оролцоно гэж төсөөлөөгүй

“Есөн хөлт цагаан туг” буюу “Монгол төрийн туг” бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл билээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний их баяр наадам”-ын өмнөх өдөр “Төрийн есөн хөлт Их цагаан туг”-ийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлдэг. Улмаар баяр наадмын нээлтийн өдрийн өглөө “Төв цэнгэлдэх хүрээлэн”-рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж, цэнгэлдэхийн төвд байрлуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ эрхэм, хүндтэй үүргийг хүлээдэг хүндэт харуулуудын нэг О.Мөнх-Очиртой бид энэ удаа ярилцлаа. Түүний хувьд Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хугацаат цэргийн албыг хаахаар анх удаа хотод орж ирсэн байна. Цэргээс халагдах ойн босгон дээр анх удаагаа төрийн наадамд оролцож, ингэхдээ бүр “Есөн хөлт цагаан туг” залах ёслолд хүндэт харуулын хувиар оролцсон түүнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

ВИДЕО:

-"ТӨРИЙН ТУГАА ТӨВ ЦЭНГЭЛДЭХ РҮҮ ЗАЛАХААР ОРОХ ҮЕД ҮЗЭГЧИД УУХАЙН ДУУГААР УГТАХ ҮЕД ШАР ҮС БОСОХ ШИГ Л БОЛСОН"-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Очирсүрэн овогтой Мөнх-очир гэдэг. Би Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул. Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн албандаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдаж ирсэн. Ирэх аравдугаар сард цэргээс халагдана. Одоо бол хүндэт харуул гэх эрхэм алдрыг зүүгээд явж байна даа.

-Цэргийн зарлан дуудах мэдэгдэл аваад ямар мэдрэмж төрж байв?

-Би зэвсэгт хүчний салбарт үнэхээр их сонирхолтой. Тийм ч учраас цэргийн зарлан дуудах мэдэгдэл ирэхэд маш их баярласан. Ер нь хоног тоолон хүлээж байсан гэхэд болно. Аав, ээж маань "миний хүү явах хэрэг байна уу" гэж байсан ч би "үгүй ээ, цэргийн албыг заавал хаана" гээд л ирсэн дээ.

-“Есөн хөлт цагаан туг” залах ёслолд оролцох үед ямар мэдрэмж төрж байв?

-Үндэснийхээ их баяр наадмаар “Есөн хөлт цагаан туг”-ийг залах, цэнгүүлэх ёслолд тугийн шилжүүлэгчээр алхсан. Төрийн тугаа барьсан, түшсэн гэдэг утгаараа өөрөөрөө маш их бахархаж байна. Туганд хүрэх мэдрэмж үнэхээр сайхан байсан. Ялангуяа, Төрийн тугаа төв цэнгэлдэх рүү залахаар орох үед үзэгчид уухайн дуугаар угтах үед шар үс босох шиг л болсон. Монгол ард түмэн маань төрийнхөө тугийг хараад үнэхээр их огшдог юм билээ. Тэр үед итгэл төрөөд үүргээ маш сайн гүйцэтгэсэн дээ. Наадмын нээлтийг гэрийнхэн маань үзсэн. Тэгээд ижилхэн хувцастай олон харуулаас олж хараагүй гэсэн. Гэхдээ гэр бүлийнхэн маань надаар бахархаж байгаа.

-"СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ӨМНӨ НЬ ХАРЖ БАЙГААГҮЙ БОЛОХООР ТУХАЙН ҮЕД ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ ЭРГЭЭД ХАРЧИХСАН"- 

-Цэргийн албанд өнгөрүүлсэн нэг жил нь дуусах дөхөж байна. Энэ мөчид ямар бодол төрж байна вэ?

-Хүндэт харуулын анги бол үнэхээр бахархам. Бас хүндэт харуулуудыг иргэд маш их хүндэлдэг юм билээ. Цэрэгт ирээд би өөртөө итгэлтэй болсон. Цэргийн алба маш олон давуу талтай.

Хүндэт харуул хүний бүх юм төгс байх хэрэгтэй. Хүндэт харуул хүнд алдаа гаргах эрх үгүй. Бүх хүний нүдэн дээр ил байгаа шүү дээ.

-Хүндэт харуул жагсаал болон үүрэг гүйцэтгэж байх үед хөдлөх хориотой шүү дээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд үдэх хүндэтгэлийн жагсаалд оролцох үед өөрийн тань өөр тийшээ харж байгаа зураг цахим орчинд гарч, олон хүний анхаарлыг татаж байсан шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тэр цахим орчинд гарсан зургийг харсан. Сүхбаатарын талбайг өмнө нь харж байгаагүй болохоор тухайн үед өөрийн мэдэлгүй эргээд харчихсан. Харин яг тэр мөчид зураг дарчихсан байсан нь маш том сургамж болсон доо. Хүмүүс болон удирдлагууд маань уг үйл явдлыг эергээр хүлээж авсанд баяртай байгаа. 

-"ЦЭРГИЙН АЛБАНД ХҮМҮҮСИЙН ЯРЬДАГ ДЭГЛЭЛТ ГЭХ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ"-

-Цэргийн албаа нэр төртэйгөөр хаагаад цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна. Энэ салбартаа үлдэх үү?

-Тийм ээ. Би цэргийн албаа хааж дуусгаад албандаа улирч үлдэх бодолтой байна. Цэргийн хүн болохоор шийдсэн.

-Цэргийн албанд “дэглэлт” гэх зүйл бий гэх тогтсон ойлголт байдаг. Тийм зүйл байна уу?

-Цэргийн албанд анх ирэхдээ надад ч бас тийм бодол төрч байсныг нуухгүй. Гэхдээ бодит байдал огт өөр байсан. Нийгэм хүртэл өөрчлөгдсөн шүү дээ. Тогтсон тэр ойлголт ард хоцорсон санагдсан.

-Олон найз нөхөдтэй болсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Маш олон найз нөхөдтэй болсон. Анх ирэхэд олон танихгүй хүүхдүүдтэй байх эвгүй санагдсан юм. Гэхдээ бид дотносож, найз нөхөд болсон. Олон аавын хөвгүүд мөр зэрэгцэн алба хааж, олон дурсамж бүтээж байна.

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө