Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Уг хэрэгт дээрх "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайханыг ч мөн шалгаж буй. Гэвч тэрбээр энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд Монгол Улсын хилээр гарч явсан аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
Энэ талаар холбогдох албанаас тодруулахад “Шүүгчийн шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргадаг хуулийн зохицуулалтын дагуу прокурор 2025 оны 07 дугаар сарын 23-ны 09:10 цагт хүлээн авч, шүүгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдлоо 13:40 цагт шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс прокурорын гаргасан гомдлын дагуу Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь зөвхөн энэ зүйл ангиар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусна гэсэн үг биш юм. Мөрдөгчөөс хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилох тогтоол хүргүүлсэн.
Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан зүйл анги дээр өөрчлөгдөх, нэмэгдэх боломжтой" гэв.