“Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ

“Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ

Герман улсад болж буй дэлхийн оюутны зуны “Универсиад-2025” наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн эхний медаль юм.

Т.Түмэнжаргал жиндээ шилдэг наймд үлдэж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Унгарын тамирчин Давид Нажиг ялж, Универсиад наадмын медальтан боллоо. Энэ жинд Японы тамирчин Яамато Фукуда аварга болсон бол Испанийн жүдоч Луис Барросо Лопез мөнгөн медаль, Казахстаны Аман Бакутзан хоёр дахь хүрэл медалийн эзэн болж, медалийн тавцанд зогслоо.

Монголын багийн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр үргэлжлэн явагдана.