Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул Ц.Жадамбаа Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын Дэд Дарга, Олон улс хариуцсан хэлтэсийн дарга Гү Жа Рим болон Олон улсын ложистикийн тасгийн дарга Сол Ин Хэ нартай албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Пусан боомтын стратегийн ач холбогдлыг онцолж, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж стратегийн түншлэлт орон болсон төдийгүй энэ онд хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцлов. Тэрээр сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг дурдаад өнөөдрийг хүртэл албан ёсоор Инчон Олон улсын боомтоор Монгол улс руу чиглэсэн ачаа, тээвэр явж ирсэн. Цаашид өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг үндэслэн хоёр дахь гарц болох Пусаны боомтыг нээх нь нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдав.
Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын дээрх саналыг нааштайгаар хүлээн авч гаргасан саналыг дэмжиж бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр цаашид Пусаны боомтыг албан ёсоор эхлүүлэхэд Пусаны боомтын захиргаатай Монгол Улсын холбогдох байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах замаар эхлүүлэх талаар дурдлаа.
Пусаны боомт албан ёсоор нээгдсэнээр Монгол улсын хувьд БНСУ болон Монгол улсаас ачаа тээвэрлэхээс гадна Монгол улс руу чиглэсэн Америк, Европ гээд бүхий л далайд гарцтай орны ачаа тээвэр хамгийн хямд, хурдан шуурхай тээвэрлэгдэх нөхцөл бүрдэхийг онцолж байна.