Аймгийн арслан Б.Базарсад, Аймгийн заан Э.Мөнхтөр, Аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ зэрэг улсын бус аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илэрчээ

Аймгийн арслан Б.Базарсад, Аймгийн заан Э.Мөнхтөр, Аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ зэрэг улсын бус аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илэрчээ

Энэ жил Үндэсний их баяр наадам, аймгийн цол олгох барилдааны нийт 116 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинэ хуулиар аймгуудын наадмын шөвгийн дөрвөн бөхөөс энэ жилээс допингийн шинжилгээ авч эхлээд байгаа. Ингэхдээ аймгийн наадмуудад шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад, Төв аймгийн харьяат аймгийн арслан Э.Чойням, Аймгийн заан Э.Гантөмөр нараас допинг илэрчээ. 

Эдгээр бөхчүүд бүгд аймгийнхаа наадамд шөвгөрсөн бөхчүүд бөгөөд Э.Мөнхтөрийн хувьд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд  үзүүрлэж “Аймгийн заан” цолоор шагнуулсан. Харин  Сумын заан Б.Сүх-Эрдэнэ 5 даван шөвгөрч, “Аймгийн начин” цол хүртсэн. Мөн Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд их шөвгийн дөрөвт сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн Начин цолны болзол хангасан бол Аймгийн арслан Б.Базарсад Ховд аймгийн наадамдаа долоо даван түрүүлжээ. Харин Төв аймаг байгуулсны 102 жил, Зуунмод хотыг байгуулсны 83, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цолын болзол хангасан бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртээд байсан юм.