Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, сайн дурын бүлгийн 2000 гаруй алба хаагч зургаадугаар сарын 19-нөөс эхлэн иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Он гарсаар долоодугаар сарын 18-ны байдлаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослоор 46 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд л гэхэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослоор 17 хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдлээ.
Амарч зугаалж явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байх, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой амарч зугаалан, завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.