Ц.Баяржаргал нь Бизнес кластер групп ХХК-д холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 45,8 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гарган маргажээ.
Ингэхдээ 2023 оны 05 сарын 29-ний өдөр 05 дугаартай гэрээ, 11 дүгээр сарын 15-ны өдөр 46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан, 05 дугаартай гэрээний дагуу 10 сая төгрөгийг төлж, хүүгийн төлбөр болох 2,4 сая төгрөгийг төлөөгүй, 46 дугаартай гэрээний үүрэгт 36,5 сая төгрөг, хүүгийн төлбөр 5,6 сая төгрөг, торгууль 1,1 сая төгрөг ингээд нийт 45,8 сая төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Бизнес кластер групп ХХК- 2023 оны 05 дугаар сарын гэрээгээр “Аравт коммершиал” ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан энэ төлбөрийг бүрэн төлсөн, 2023 оны 11 дүгээр сард 46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэвч гэрээний дагуу 36,5 сая төгрөгийг Ц.Баяржаргал нь шилжүүлээгүй тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэх тайлбар гарган маргалджээ.
Анхан шатны шүүх: Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 дугаар сард болон 11 дүгээр сарын хөрөнгө оруулалтын гэрээгээр 2022 онд нэхэмжлэгчийн “Аравт коммершиал” ХХК, Хаан цогц шийдэл” ХХК-тай тус тус байгуулсан зээлийн гэрээний өрийг хариуцагч өөртөө шилжүүлсэн авсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, 2023 оны 05 дугаар сарын 05 дугаартай гэрээгээр хариуцагч нь “Аравт коммершиал” ХХК-ийн зээлийн өрийг шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэгт 2,4 сая төгрөгийг төлөөгүй, харин мөн оны 11 дүгээр сарын 46 дугаар гэрээгээр “Хаан цогц шийдэл” ХХК-ийн зээлийн өрийг шилжүүлэн авсан нь тогтоогдоогүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2,4 сая төгрөгийг хангаж, үлдэх 43,4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Зохигчид 2023 оны 05 дугаар сард 05 дугаартай гэрээгээр хариуцагч нь “Аравт коммершиал” ХХК-ийн зээлийн өрийг шилжүүлж авсан талаар маргаагүй. Харин давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 46 дугаартай гэрээгээр хариуцагч нь “Хаан цогц шийдэл” ХХК-ийн 36,6 сая төгрөгийн өрийг хүлээн авсан үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 39 сая төгрөгийг хангаж, үлдэх 6,7 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.