Я.Содбаатар: Эв нэгдлийг хангуулах чиглэлд ажиллуулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан

Я.Содбаатар: Эв нэгдлийг хангуулах чиглэлд ажиллуулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН-ын гишүүд ойлголцохгүй, бүлгийн хэмжээнд хоёр хуваагдаад байгаа асуудлыг нэгтгэж эв нэгдлээ хангах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл авсан. Ингээд Удирдах зөвлөлөөс манай намын даргаар ажиллаж байсан ахмадуудаа оруулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдрийн дотор хоёр талтай уулзалт хийж, тодорхой шийдлүүд гаргана. Өнөөдрийн ганц Удирдах зөвлөлийн хурлаар дотоод албан тушаалын асуудал ярихаас гадна нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг хөндөж ярилаа. Тухайлбал, улсын төсвийг цаг хугацаанд нь батлах, шатахууны хомсдол, багш болон эмч нарын ажил хаялт зэргийг шийдвэрлэх ёстой байна. Иймд МАН-ын Удирдах зөвлөл, Парламентын гишүүд, ахмадууд зэргээс бүрдсэн ажлын хэсгийг бүрдүүллээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ажиллана. УИХ-ын даргын томилгоо бол тодорхой хуультай. МАН-ын аливаа асуудал намын дүрэм, Үндсэн хуулийн хүрээнд байх ёстой. МАН-ын Их хурал 11 сарын 15,16-нд хийх ёстой. Хугацаандаа болно. Намын их хурал намын дүрмээр болно.