ФОТО: Хэвтэрт орсон ээжийгээ асардаг 12 настай охины гэр бүл шинэ байрандаа орлоо

ФОТО: Хэвтэрт орсон ээжийгээ асардаг 12 настай охины гэр бүл шинэ байрандаа орлоо

Балчирхан 12 настай С охин хүнд өвчний улмаас хэвтэрт олон жил болсон ээжийгээ асрахын зэрэгцээ хоёр дүүгээ  халамжилж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, том хүнээс дутахгүй амьдралаа авч яваа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тэгвэл охины гэр бүлд туслах хандивын аяныг NTV телевизээс амжилттай зохион байгуулж хоёр өрөө байрыг гардуулан өглөө.

Тодруулбал, “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболд тус гэр бүлд тусалж хоёр өрөө байрыг авч өгснийг өнөөдөр гардуулан өгсөн юм. 

Хандивын аянд “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболдоос гадна сайхан сэтгэлтэй олон зуун хүн, албан байгууллага нэгдэн тусалсан байна.

Охины аав 2016 онд автомашины ослоор нас барсан бөгөөд ээж Ц.Наранцэцэг нь мөн 2012 онд согтуу жолоочийн буруугаас үүдэн хүнд гэмтсэн байдаг. Ослын дараа хөл дээрээ босч ажил хөдөлмөр эрхэлсэн ч гэмтэл нь дахин сэдэрч түүнээс хойш байнга асрамжид өнөөдрийг хүргэжээ.

-Ц.НАРАНЦЭЦЭГ:ОХИДДОО САНАА, ЗОВОХГҮЙ БОЛЛОО-

Ц.Наранцэцэг эгч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.

Тэрбээр байранд орсон сэтгэгдлээ хуваалцахдаа “Өнөөдөр ийм сайхан байранд орж байгаадаа баяртай байна. Маш сайхан тохижуулж өгчээ. Миний зовлон нимгэрч байна. Шөнө охидоо гар чийдэн бариад гэрээс гарахад нь би санаа зовоод үлддэг байлаа. Би хэвтрийн хүн учраас өөрөөр тусалж чадахгүйдээ сэтгэл зовдог байсан. Ийм сайхан байртай болгож өгсөн бүх хүнд баярлалаа. Хүүхдүүд минь нүүрс түлээ түлж, гар хөлөө гэмтээхгүй нөхцөл бүрдлээ. Тохитой орчинд амьдарч эхэлсэн юм чинь охид минь онц сурах л үлдлээ” гэсэн юм.

-О.БОЛОР-ЭРДЭНЭ: ХҮҮХДҮҮД АМЬДРАЛАА АВЧ ЯВДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ МЭДЭЭЛЛИЙГ Л ХҮМҮҮСТ ХҮРГЭСЭН-

Харин уг аяныг санаачлан, зохион байгуулсан NTV телевизийн сэтгүүлч О.Болор-Эрдэнэ “Анх Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс надтай холбогдсон. Тэд хэлэхдээ “Бид галын хяналт шалгалтыг ажлыг хийж байх үеэр бага насны гурван хүүхэд гал түлж буйг олж мэдлээ. Ээж нь хэвтэрт байдаг бөгөөд бага насны гурван хүүхэд нь амьдралаа авч явдаг байна. Бид анхааруулга өгчихөөд буцсан. Дараа нь мөн дахин гэрт нь очиж зуухных нь аюулгүй байдлыг хангаж, гурван сарын хүнсийг нь авч өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед тус айл угаар мэдрэгчгүй, зуух, яндан нь эвдэрхий байсан учраас угаартах эрсдэл өндөр байсан. Бид онцгой байдлын газрынхантай хамт очиж охидтой ярилцах үеэр хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгөөрөө амьдардагаа хэлсэн юм. Том охин С нь долоо хоногт нэг удаа Нарантуул зах явж хүнсээ цуглуулдаг. Хүнд зүйл өргөхөөр болбол дүүтэйгээ хамт явдаг. Шөнө босч галаа түлдэг гэж ярьж байсан. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь энэ хүнд нөхцөлд амьдардаг ч охид онц сурдаг гэж хэлж байсан. Тиймээс бид хүүхдүүд амьдарлаа авч явдаг юм байна гэдэг мэдээллийг хүмүүст хүргэсэн. Мэдээллийг гаргасны дараа олон хүн холбогдож тусалсан учраас хандивын аяныг зохион байгуулсан. Байрыг “Мөнгөн тавилга” ХХК тохижуулж, тавилгатай болгож өгсөн. Үүнээс гадна маш олон хувь хүн, албан байгууллага туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Бүгдэд нь баярлалаа” гэсэн юм.

-12 НАСТАЙ ОХИН С: ИЙМ ГОЁ БАЙРТАЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА-

Харин ээж болон дүү нараа асардаг  12 настай охин С “Байр маш их таалагдаж байна. Ийм гоё байртай болсон. Өмнө нь галаа түлдэг, усаа зөөдөг байхад хэцүү байссан. Одоо ээжийгээ сайн асарна” гэсэн юм.