Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны өдөр хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байдаг. Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Тэгвэл түүнийг цагдан хорьсон нэг сарын хугацаа энэ сарын 12 /2025.05.12/-ны өдөр дууссантай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс Г.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар /2025.06.13/ цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын харцага Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах", мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох "Заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа аж.
Эргэн сануулахад, Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг.
Улмаар түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахын завдсан гэх үндэслэлээр Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл /Заналхийлэх/-ийн 1-д Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
Мөн хуулийн 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/-ийн 2-д "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоор төрийн өндөр албан тушаалтныг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сонирхуулахад, Г.Ганхуягийн заналхийлсэн Учрал, Тэгшбаяр гэх иргэд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор/ PhD Н.Тэгшбаяр нарыг хэлсэн байж магадгүй байдаг. Мөн түүний заналхийлэлийн агуулга нь төрийн өндөр албан тушаал хашиж буй олон хүнийг хамарч байж болзошгүй байгаа юм.