Эрүүл мэндийн салбарын дэвшлийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамгийн сүүлийн үеийн соронзон үелзүүрт томографи (MRI) аппараттай болж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэг шат ахиуллаа.
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар суурилуулсан энэхүү MRI аппарат нь Германы “SIEMENS HEALTHINEERS” брэндийн 1.5T хүчин чадалтай төхөөрөмж бөгөөд Монголын “Setunari” ХХК-ийн инженерүүдийн угсралтаар амжилттай ашиглалтад орсон байна. Тус аппарат нь жижиг хэмжээтэй биений хэсгүүд—мөр, тохой, тавхай гэх мэт—нарийвчилсан дүрслэлээр үзэх өндөр технологитойгоороо онцлог. Мөн 180 кг хүртэл жинтэй үйлчлүүлэгчдэд шинжилгээ хийх боломжтой, илүү өргөн радиустай гэдгээрээ давуу талтай аж. Ялангуяа спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд нарийн оношилгоо, чанартай эмчилгээ авах таатай орчин бүрдэж байгаа нь анхаарал татаж байна. Шинэчлэлийн хүрээнд тус төвийн дүрс оношилгооны бүх өрөөг бүрэн засварласан бөгөөд шинжилгээний үйлчилгээг илүү богино хугацаанд, шуурхай авах боломж бүрдээд байна.
Ж.ИЧИНХОРЛОО