Монгол хаан жүжиг Султан хаан дуурийг олон улсын шүүхэд өгөх үү

Монгол хаан жүжиг Султан хаан дуурийг олон улсын шүүхэд өгөх үү

Херо Баатарын найруулсан “Тамгагүй төр” буюу олон улсад тоглогдож буй төслийн нэр нь “Монгол хаан” хэмээх жүжиг Англи, Сингапур зэрэг улсад тоглогдсон билээ. Төв Азийн түүхийг тэртээ 3000 жилийн өмнөх үйл явдлаар дүрслэн өгүүлсэн тус жүжиг Лондонгийн Уэст Энд, Сингапурын Марина Бэй Сандсын алдарт театруудад ихэд амжилттай тоглогдож явааг сонсох нь монголчуудын хувьд тун таатай хэрэг байлаа.

Тэдний дараагийн аялан тоглолтын тов Япон, АНУ гэж яригдаж буй. Тэгвэл Казакстан улс соёлын бодлогынхоо хүрээнд төрөөс санхүүжүүлсэн маш том хэмжээний тайзны бүтээл буюу Их Монгол улсын түүхээс сэдэвлэсэн “Султан хаан-Алтан орд” дуурийг өнгөрсөн онд бүтээжээ. Эл дуурийг дэлхийн олон алдартай тайзнаа тоглохоор товууд нь гарч аялан тоглолтоо хэдийнэ хийгээд эхэлжээ. Геополитик, улс хоорондын ээдрээтэй асуудлууд ар араасаа ундарч буй энэ цаг үед зөөлөн хүчний бодлогоо соёл, урлагаараа дамжуулан маш зөв хэрэгжүүлж байгаа гарвал нэгт Казахстаныг сайшаах ч хэцүү хараах ч хэцүү болов.

Учир нь Монгол хаан жүжгийг бараг л тэр чигт нь хуулбарлан хийснийг нь харахаар хараамаар, улс нь бодлогоороо соёл урлагаа дэмждэгийг нь бодохоор сайшаамаар гэсэн үг.

300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэлхийн хамгийн алдартай том дууриудын жишгээр бүтээгдсэн Султан хааны дуурийг Казахстан улс тун их анхаарч, санхүүжилтийг ч даацтай хийсэн нь харагдана. Харамсалтай нь рекламнаасаа авахуулаад тун чиг адилхан тавилт, зохиомжтой хийгдсэн тус бүтээлийг Монгол хааны мөрөөр мөшгин дэлхийн  том тайзуудаар шил даран тоглуулж эхэлж байгаа нь гачлантай.

Уг нь дэлхийд анх удаа монгол тайзны бүтээлээ алдаршуулж яваа нэг муу найруулагчаа элдэвлэлгүй санхүү хөрөнгөөр дэмжээд гуян дээр нь алгадаад гурав үржүүлж ирэх үүрэг өгөөд хөөж явуулсан бол ингэж хоолоо булаалгахгүйсэн. Дуулсан дуундаа өөрөө уяраад яваа найруулагч Баатар ч төсвийн мөнгөнөөс хумслахгүй гэж мөнчгөрөөрөө гүрийж тэрүүхэн тэндээ довоо шарлуулах нь дэндүү хувиа хичээсэн хэрэг. “Монгол хаан” бүтээл ямартай ч гадаад орнуудад зөөлөн хүчний бодлогыг санаатай санаагүй маш сайн хэрэгжүүлж байгаа төсөл. Одоо тэгээд Монгол хаан Султан хааныг Олон улсын шүүхэд өгч оюуны өмчийн нэхэмжлэл гаргах уу, үгүй юу гэдгийг харах л үлдэх шив.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.