Эдгээр өдрүүдэд Соёлын төв өргөөнд тоглогдож буй “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжгийн гол дүр Мишээлийн дүрийг бүтээж буй “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Х.Намуунтай ярилцлаа.
ВИДЕО:
“Мөрөөдлийн театр”-тай хэрхэн холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?
Намайг хоёрдугаар курст байхад манай ангийнхан хамтдаа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлд жүжигчнээр биш бүжигчнээр орж байсан. Аз болж тэр үед надад эгч нартайгаа хамт дуу дуулах болон номерт оролцох боломж олдсон. Тэр цагаас “Мөрөөдлийн театр”-тай холбогдсон.
Х.Намуун хамгийн анх ямар жүжигт гол дүр бүтээж байв?
2019 онд сургуулиа дөнгөж төгсчихөөд байх үед “Мөрөөдлийн театр” маань “Галзуу хот” шоу драмыг хийж байлаа. “Галзуу хот” маань хоёр хэсэгтэй байсан. Эхнийх нь драмын жүжиг буюу “Галзуу хот”. Дараагийнх нь “Мичнүүд” буюу инээдмийн жүжиг байсан. Энэ хоёр жүжгийн хоёулангийнх нь гол дүрийг надад өгч байлаа. Тухайн үед дөнгөж оюутны ширээнээс салаад байж байгаа хүнд итгэл хүлээлгэж хоёр дүр өгч байсан болохоор би тэр үедээ маш их хичээж байсан. Одоо эргээд тэр үеийнхээ жүжгийг үзэхээр ичээд байдаг. Яалт ч үгүй жаахан охин, дөнгөж сургуулиа төгссөн гэдэг нь мэдэгдээд байх шиг санагддаг.
-СУИС-Д ШАЛГАЛТ ӨГӨХДӨӨ СУНГАЛТ МУУТАЙ ХЭРНЭЭ САНДАРСАНДАА Б СУУЖ БАЙСАН-
Жүжигчний мэргэжлийг ер нь яагаад сонгосон бэ?
Намайг жүжигчний мэрэгжилтэй гэхээр хүмүүс нилээн нүүр хагарсан гэж боддог. Гэхдээ би нилээн ичимхий. Өөрийнхөө тоглосон жүжгийг үзэхээс ичээд байдаг. Хүмүүс магтахаар бас ичнэ. Би магтаал дээр илүү урамшиж ажилладаг төрлийн хүн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр аав минь надад их нөлөөлж байсан. Аав минь урлагийн хүн биш ч гэсэн урлагийг надад их ойлгуулдаг байлаа. Энэ дууны ийм жанр, энэ бол жүжгийн ийм жанр гэдэг ч юм уу. Ямар ч урлагийн мэдлэггүй хүн байсан мөртлөө урлагт хайртай хүн байсан. Намайг урлагт хайртай хүн болгож хүмүүжүүлсэн учраас би урлагт дуртай. Би багадаа янз янзаар боддог байсан. “Дуучин болно”, “Хөгжимчин болно” гэх мэтээр боддог байлаа. Дунд сургуулиа төгсөх үедээ шууд шулуудаад хамгийн түрүүнд жүжигчний мэргэжлийг сонгож байсан.
Нэг хөгжилтэй зүйл гэвэл би СУИС-д элсэх хоёрдугаар шатны шалгалт дээр “Сунгалт хэр вэ” гэсэн чинь би ямар ч сунгалтгүй байсан хэрнээ сандарсандаа “Сайн сайн” гэчихсэн. Тэгсэн чинь “А, Б сууж чадах уу. За нэг Б суучих” гэсэн. Тэгэхээр нь сандарсандаа “Б” суучихсан.
Тэгээд хоёр хоногтоо хөл хөндүүр болчихсон явж чадахгүй байсан. Тэр үеэ бодохоор би тэгж л их хүссэн, энэ мэргэжилдээ тэгж их дурласан юм шиг санагддаг.
-ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ДҮРИЙГ БҮТЭЭХ ХАМГИЙН ХҮНД БАЙСАН-
Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн их ажиллагаа шаардсан дүр аль нь байсан бэ?
“Тод хувцастай эмэгтэй” жүжгийн маань Ариунаагийн дүр нилээн олон асуудалтай, харааны бэрхшээл, хүүхэдтэй болох, жирэмсэн болох гээд маш олон бэрхшээлтэй дүр байсан. Тухайн үедээ тэр дүр надад маш хүнд санагдсан. Яаж энэ дүрийг зөв илэрхийлэх вэ, тунг нь тааруулах вэ гээд нилээн их туршилт өөр дээрээ хийсэн. Бас ах эгч нараасаа нилээн их зөвлөгөө авсан. Тэгж байгаад “Тод хувцастай эмэгтэй” жүжгийн Ариунаагийн дүр дээр ажилласан.
Харааны бэрхшээлтэй хүний дүрийг бүтээхийн тулд нилээн их юм уншиж, ер нь ямар мэдрэмж байдаг бол “Бид чинь төрсөн цагаасаа эхлээд бүх зүйлийг хараад байж байдаг. Энэ бүхнийг огт харж чадахгүй, харанхуйд байвал хүнд ямар мэдрэмж төрөх бол гэж дүрийн судалгааг нилээн сайн хийх гэж оролдсон. Жүжгийн бэлтгэлийн үеэр биш гэртээ ганцаараа байх үедээ байнгын харанхуйд байх ч юм уу, нүдээ аниад хэсэг юм хийж үзэх ч юм уу тиймэрхүү туршилтуудыг өөр дээрээ их хийж байсан.
О.Энхтуул жүжигчинтэй хамтарч ажиллахад үнэхээр гоё байсан. Яагаад гэхээр тэр хүнийг би багаасаа шүтэж, “Ямар гоё эмэгтэй вэ”, “Ямар сайн жүжигчин бэ” гэж үлгэр дуурайл авдаг байсан. Тэр хүнтэйгээ нэг тайзан дээр ээж охин болж ажиллана гэдэг бол миний хувьд маш том аз завшаан байсан. О.Энхтуул эгч маань ч надад маш их хичээл зааж байсан.
Дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж үзэх бодол байна уу?
Миний хувьд киноноос илүү жүжигтээ дуртай учраас тайзны уран бүтээл дээрээ дагнаж ажиллаж байгаа. Киноны хувьд ганц хоёр оролцон тоглосон кинонууд байгаа. Киноны саналууд ирдэг. Миний хүссэн дүр биш байдаг ч юм уу, зохиол нь таалагдахгүй ч юм уу тиймэрхүү тохиолдолд эвтэйхэн татгалздаг.
Энэ жилийн хувьд би дэлгэцийн уран бүтээл хүнийг бас их сорьдог учраас нэг бүрэн хэмжээний уран сайхны кино, нэг олон ангит кинонд тоглох зорилго тавиад байна.
“Мөрөөдлийн театр”-ын нилээн олон жүжигт гол дүр бүтээгээд байна. Эдгээр дүрийг авахын тулд ямар нэг шалгуур, шаардлага хангасан байх ёстой юу?
Манайх яг өндөр нь ч адилхан, бие нь ч адилхан, царай нь ч ер нь бол төстэй гурван эмэгтэй жүжигчинтэй. Захирал маань манай хамтлаг “Метр 70-аас дээш эмэгтэйчүүдийг л авдаг” гэж хошигнодог. Жүжгийн дүр, зохиолоос шалтгаалаад дүрдээ сонгогддог. Бид гурав яг адилхан. Аль аль нь аль ч дүрийг хийж чадна гэж боддог.
-ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛИЙГ СОНГООД ШАНТАРЧ БАЙСНААС ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ-
Жүжигчний мэргэжлийн юу нь сайхан бэ?
Жүжигчин болсондоо шантарч байсан түүх бий. Гэхдээ харамсаж байгаагүй. Шантрах зүйл гарч байсан. Яагаад гэвэл нилээн хатуу мэргэжил учраас хааяа шантраад “Яана аа, яах уу” гээд уйлж байсан өдрүүд зөндөө байгаа. Гэхдээ л эргээд бодоход тэр өдрийн маргааш нь инээгээд л явж байснаа санадаг.
Тэгэхээр хатуу ч гэсэн энэ мэргэжил надад маш их аз жаргал өгдөг учраас энэ мэргэжилдээ маш их хайртай. Үзэгчдийг уйлуулж, инээлгэж, янз янзын мэдрэмж өгч хамгийн сүүлд нь “Ямар гоё юм үзчих вээ” гэдэг мэдрэмжийг өгсөн гэдгээ би мэдчихвэл “Ёооё энэ ямар гоё мэдрэмж болохыг” төсөөлж байна уу. Их гоё энерги цуглуулдаг мэргэжил гэж боддог.
Театр бол амьд урлаг. “Мөрөөдлийн театр” гуравдугаар сарын 5-аас “Самсара” жүжгээ олон нийтэд хүргэж байна. Үзэгчид хэрхэн хүлээж авч байна?
“Самсара” жүжиг маань гуравдугаар сарын тавнаас эхэлж тоглож эхлээд дөрөвдүгээр сарын 6-н хүртэл тоглогдоно. Манай жүжгийг ямар ч насны хүн ирээд үзэхэд амьдралыг арай л өөр талаас нь, нөгөө талаас нь харах байх. Би тайзан дээр зогсож байхдаа нэг хос харчихсан юм аа. Бие бие рүүгээ хайрын харцаар хараад тэврэлдээд гарч байгааг харсан. Тийм болохоор би ялангуяа хосууд ирж манай жүжгийг үзээсэй гэж хүсч байна.
Метр 70-аас дээш өндөртэй гэж түрүүнд ярьлаа. Модель болохыг хүсч байсан уу?
Тайзан дээр модель хийж байгаагүй. Аз нь таараад гэдэг шиг ганц хоёр удаа фото моделийн чиглэлээр зураг авалтанд орж байсан. Дунд сургуульд байхдаа загварын шоуны тайзан дээр алхаж байсан. Түүнээс биш би өндөр ч гэсэн өөрийгөө хэзээ ч модель хийх хэмжээний гоё фигуртэй гэж боддоггүй. Моделиор явна гэж боддоггүй.
Найз залуутай юу?
Олон жил ганц бие ажил гэр гэж явж байгаад энэ жил найз залуутай болсон. Ар гэрийнхэн, найз нөхөд бүгд их санаа зовж байсан.
Эрэгтэй хүний хувьд миний тавьдаг шалгуур бол царай зүс, гадаад төрх гэхээс илүү хувь хүн нь би тэр хүнтэй хамт байхад тухтай, тайван, хамгаалагдсан мэдрэмж авч инээж өөрийнхөөрөө байж чадаж байвал тэр миний шалгуурыг давж байна гэсэн үг. Тэгээд найз залуу маань миний тэр шалгуурыг давсан.