Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нь өнгөрсөн оны нэгдүгээр сард /2024.01.26/ Засгийн газрын кувотоор тус албанд томилогдсон билээ.
Түүнийг уг албан тушаал томилогдсоноосоо хойш Төрийн албаны зөвлөлд хууль бус байж болзошгүй томилгоог олноор хийж, "өөрийн хүмүүс"-ээр багаа бүрдүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэр ч байтугай ТАЗ-ийн даргаар томилогдохоос өмнө хууль зөрчсөн шийдвэр гаргаж, төрд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон ч төрд учруулсан хохирлоо төлөөгүй. Уг хохирлыг төлөхийг шаардсан өмнөх бүрэлдэхүүний шийдвэрийг нуун дарагдуулсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Тэгвэл Л.Цэдэвсүрэн нь Төрийн албаны зөвлөлийн эзэмшилд байдаг автомашиныг ажлын бус цагаар, хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаад осол гарсныг мөн нуун дарагдуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн албаны зөвлөлийн 035. УН. улсын дугаартай Соната 8 автомашин нь зогсож байсан том оврын автомашины араас мөргөж, осол гаргасан байна. Ослын улмаас тухайн автомашины урд хэсэг бүхэлдээ эвдэрчээ. Тиймээс осолдсон автомашиныг засварлах төлбөр өндөр гараад байгаа аж. Энэ ч утгаараа тухайн автомашиныг засварт өгөөгүй байгаа бөгөөд ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн нь албаны эзэмшлийн Ланд-200-гаа унах болсон байна.
Харин ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн нь энэ талаарх мэдээллийг нууцлахыг "үүрэгдсэн" гэх мэдээлэл байгаа юм. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.