Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүлжээ

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

“Байгууллагууд нэгдсэн байдлаар хаягжилтаа засах хэрэгтэй байна”

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан "Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.

“Зөрчил арилгаагүй ААН-ийг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна”

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа "Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.