УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.03.20/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “ЭМДҮЗ-д эрх ашгийн зөрчилтэй хүмүүс ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
ВИДЕО:
Энэ тухай тэрбээр “ЭМДҮЗ –д ажил олгогчийг төлөөлж ажиллаж байгаа хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Ж.Гэрэлмаа Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Ш.Зоригоо Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч. Н.Одонгоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Ажил олгогчийн төлөөлөл гэдэг нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, томоохон групп, компаниудаас байх ёстой болохоос биш эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ авч байгаа, мөнгө авч байгаа эрх ашгийн зөрчилтэй хүмүүс энд ажил олгогчийг төлөөлж суух ёсгүй биш үү. Эрүүл мэндийн даатгалын сангийн маань нөхцөл байдал хүнд байгаа. 2023 онд төрийн албан хаагчдын цалинг 23-40 хувиар нэмэхэд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дагаад өссөн. Гэтэл “Даатгалын сан алдагдалтай ажиллаж байна” гэдэг асуудал ярьж байгаа. Иргэд ЭМД-ын шимтгэлийг маш ууртайгаар төлдөг. Шимтгэл төлөөд байдаг хэрнээ үйлчилгээ авч чадахгүй байна, албан хүчээр авч байна гэдэг. Сангийн менежмент муу байх юм бол Нийгмийн бодлогын байнгын хороо холбогдох хуульд өөрчлөлт оруулаад ЭМДҮЗ-ийн гишүүдээ шинэчилдэг зохицуулалт хийхгүй бол болохгүй байна. Шимтгэл төлөгчдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс ийм ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол яаж энэ санг сайн удирдах вэ дээ. Чиг үүргийг нь та бүхэн хараарай. Ямар тусламж үйлчилгээнд мөнгө өгөх вэ, ямар даатгуулагчтай гэрээ байгуулах вэ гэдэг дээр ажиллах ёстой хүмүүс. Дээр нь энэ сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцах ёстой хүмүүс. Төсөв санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс орж ирвэл энэ санг илүү сайн удирдана” гэлээ.