Нийслэлд маргаашаас хаврын их цэвэрлэгээг эхлүүлнэ

Нийслэлд маргаашаас хаврын их цэвэрлэгээг эхлүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийслэлийн хэмжээнд нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэгвэл ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг маргааш эхлүүлэхээр болов. 21 хоног үргэлжлэх энэ удаагийн их цэвэрлэгээг гурван үе шаттай зохион байгуулах аж. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Дараа нь ээлжид аж ахуй нэгж, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.

Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийх аж. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм байна.