Өчигдөр /2025.03.20/ өглөө Зорчигч тээврийн II баазын жолооч Д.Азжаргал гэх залуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварсан байна. Бид түүнтэй уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
-ДАХИАД 15 МИНУТ БОЛСОН БОЛ ААВ, ХҮҮ ХОЁР УГААРТАХ БАЙСАН-
-Таныг өнөөдөр шатаж буй байшингаас хоёр хүн аварсан гэж сонслоо. Энэ явдал хаана, хэзээ болсон бэ?
-Би өнөөдөр Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан юм. Ард кино театраас ажилдаа гараад Сэлхийн гуравдугаар буудал дээр 08:00 цагийн үед очиход буудлаас ойрхон хашаанд байшин шатаад эхэлж байсан. Үүдний амбаар талаасаа шатаж байсан. Салхи нь доороосоо байсан болохоор юу юугүй байшин шатчихаагүй. Тэнд бас нэг залуу машинаасаа буучихсан хараад зогсож байсан. Би автобусаа зогсоогоод бууж очоод “Дуудлага өгсөн юм уу” гэсэн чинь “Өгсөн” гэсэн.
-Таны автобус зорчигчтой байсан уу?
-Автобусанд нэг л хүн байсан. Тэгээд “Энд гал гарч байна. Очиж үзээдэхье” гээд түүнтэй хамт буусан.
-Байшинд хүн байгаа эсэхийг яаж мэдсэн бэ?
-Тэгээд нөгөө залуу бид хоёр хашаа руу очоод “Хүн байна уу” гэсэн чинь нэг хөгшин гарч ирсэн. “Энэ байшинд хүн байдаг уу” гэсэн “Байдаг” гэж байна. Очоод орох гэсэн байшин үүднээсаа шатаж байсан болохоор хамт байсан залуу цонхыг нь өшиглөсөн. Гэрт битүү утаа болчихсон.
Хоёр хүн унтаж байсан. Цонх хагарах чимээнээр л сэрсэн. “Юун хүмүүс вэ, юу болоод байна” гэж байсан. Аз болж цонх нь орныхоо хажууд байсан болохоор хүүхдийг нь цонхонд зүсэхгүй дамжлаад гаргаж авсан. Нойрмог унтаа нүцгэн хүүхэд хойд талын гэр рүү гүйгээд орчихсон. Ес арав орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Араас нь аав нь гарч ирсэн. Аав хүү хоёр харин азтай. Угаартаа ч үгүй.
Жаахан удсан бол угаартах байсан. Цаг нь бас яг тэгж таарсан. Бүр өглөө эрт юм уу шөнө байсан бол яана. Сэлх орчим чинь хүний хөл багатай газар ш дээ.
-Одоо цагт "Тэнд гал гарч байна. Очьё" гэж бодох хүн ховор болсон. Та гал гарч байгааг хараад шууд очсон байна шүү дээ. Тэр үед юу бодож байсан бэ?
-Миний хувьд тэр хавиар олон хүн байсан бол зогсохгүй тэр чигтээ явах байсан. Хүнгүй, ганцхан тэр залуу байсан болохоор “Юмыг яаж мэдэх вэ. Тэр гэрт хүн байх вий” гэж бодоод автобусаа зогсоогоод бууж очсон. Тэгээд хүнээ гаргачихаад ахиад хүн байхгүй гэхээр нь санаа амраад би цаашаа ажилдаа явчихсан.
Намайг эцэс хүрчихээд буцаж байхад галын машин ирчихсэн байсан. Галын машинд байсан онцгойгийн алба хаагчид намайг тэнд байсныг мэдээгүй.
-АМЬ АВРАГДСАН ЗАЛУУ ГАР БАРИАД "ЁСТОЙ ИХ БАЯРЛАЛАА" ГЭЖ ХЭЛСЭН-
-Амь аврагдсан залуутай уулзсан уу?
-Буцаж ирээд нөгөө амь гарсан залуутай уулзсан чинь “Ёстой их баярлалаа” гээд гар бариад “Та хоёр 10-15 минут хоцорсон бол угаартах байсан байна” гэж ярьсан. Галын машин ирэхээс өмнө тэр хоёр хүн шатахгүй ч гэсэн угаартах эрсдэлтэй байсан. Тэр хоёрыг аврах хооронд үүдний амбаар нь шатаад дууссан. Тэгээд би тэр залуугаас “Хамраар чинь утаа орохыг мэдсэн үү” гэсэн чинь “Мэдээгүй. Цонх хагарахаар сэрсэн” гэсэн. "Чи гал түлсэн байсан юм уу" гэсэн чинь “Үгүй” гэсэн. Цахилгаан халаагууртай байсан юм уу бүү мэд. Гэр нь битүү утаа байсан. "Цахилгааны утас чинь масстай байсан юм уу” гэсэн чинь “Гайгүй л байсан даа” гэсэн. Харин надаас “Чамайг ирэхэд үүдний амбаарын хаалга онгорхой байсан уу” гээд байна лээ. Би тэрийг анзаараагүй юм чинь. “Амбаарын хаалгаар хүн орж ирээд гал тавьсан юм болов уу” гэж бодоод байх шиг байсан.
-Таныг хүний амь аварсныг найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэн чинь мэдсэн үү?
-Өглөө нэг тийм юм болоод “Аав хүү хоёрыг гаргасан” гээд хамт ажилладаг хүндээ хэлчихсэн чинь тэр жолооч бааз руу хэлчихсэн. Тэгээд л өдөржингийн юм боллоо. Өнөөдөржин л найз нөхөд, хамаатан садан залгаад баяр хүргээд байна. Юу юугүй л өдөр өнгөрчихлөө. Сэтгэл өндөр л байна.
-Та урд нь ийм зүйлтэй тохиолдож байсан уу?
-Урд нь нэг ийм зүйлтэй тохиолдож байсан. Сөүлд ажиллаж байхад манай ажлын хажуу талын уулан дээр гал гараад нилээн юм болж байсан. Би тэрийг хараад эзэддээ хэлээд “Гал команд дуудаж байсан”.
-Автобусны жолоочоор хэдэн жил ажиллаж байна. Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?
-Автобус бариад дөрвөн жил болж байна. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.