Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадна зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Өнгөрсөн шөнө Ноорог.мн сайтын залууст урьдчилан мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр хорьсон. Хорьсон шалтгаан нь Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэнэ. Үнэхээр нэг редакцийг үйл ажиллагаа үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээнд байсан уу гэдгийг гайхаж байна. Хэдхэн хоногийн өмнө Ноорог.мн сайтын залуучууд маань сонгуулийн үеэр болсон үйл ажиллагааны тухай баримтат кино хийнэ гэдгээ зарлаж байсан. Миний хувьд хэдэн хоногийн өмнө гарасан энэ мэдэгдэлтэй нь холбоотойгоор энэ ажил эхэлсэн юм болов уу гэж хардаж байна. Албан ёсны мэдээлэл нь одоогоор гарч ирээгүй байна. Бид өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан улсад амьдардаг гэж бодож байгаа ч гэсэн үнэхээр тийм байгаа юу. Ноорог.мн сайтын залуусыг өнөөдөр ингээд явуулбал цааш хэн дээр энэ асуудал үүсэх вэ гэдэг нь асуудал. Энэ ганц хэвлэл мэдээллийн асуудал бус хуулийн тусламж авч чадахгүйгээр, хэн нэгний дарамт дор хохирч байгаа хүн бүрийн асуудал" гэлээ.
ВИДЕО: