Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус сайтын нэр бүхий иргэдийг бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэх хэргээр шалгаж байгаа бөгөөд зарим хүмүүсийг нь хойшлуулшгүй саатуулахаар цагдаагийн байгууллагаас прокурорт санал хүргүүлсэн байна. Харин прокуророос тус саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж УЕПГ-аас мэдээллээ.