Монгол Улс ардчиллын индексээрээ унаж, автократ засаглалтай 6 улсын нэгд багтах болсон тул эдийн засаг, гаднын хөрөнгө оруулалт уналтад орно

Монгол Улс ардчиллын индексээрээ унаж, автократ засаглалтай 6 улсын нэгд багтах болсон тул эдийн засаг, гаднын хөрөнгө оруулалт уналтад орно

Монгол Улс Ардчиллын индексээрээ 2023 онд 0.43 оноо авч 77 дугаар байранд орж, өмнөх оноосоо 16 байраар ухарч байсан бол өнгөрөгч жил буюу 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд орж байв. Харин энэ жил эзлэх байраараа өнгөрөгч жилийнхтэй ижил боловч ихэнх үзүүлэлтээрээ унаж, автократ дэглэмтэй 6 орны нэгд орох болжээ.

-МАНАЙ УЛС АФГАНИСТАН, БАНГЛАДЕШ, ПАКИСТАН ЗЭРЭГ УЛСТАЙ ЗЭРЭГЦЭН АВТОКРАТ ЗАСАГЛАЛТАЙ УЛС ОРНУУДЫН ТООНД БАГТАЖ БАЙНА-

Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг. Гэтэл манай улс жил дараалан ардчиллын индексээрээ буурсан үзүүлэлт үзүүлсээр энэ жил автократ дэглэмтэй улсын нэг болжээ.

Автократ дэглэмтэй зургаан улсад Афганистан, Бангладеш, Энэтхэг, Киргизстан, Пакистан, Монгол гэсэн зургаан улс багтаж байна. Автократ засаглал гэдэг нь эрх баригчид үнэмлэхүй эрх мэдлийг эзэмшдэг засаглалын тогтолцоог хэлнэ. Нэг ёсондоо ардчилсан чөлөөт зарчим болон хуулиа дээдэлдэг зарчмаасаа улам л ухарч төр бүхнийг шийддэг хаалттай тогтолцоо руу шилжиж байна гэсэн үг.

Манай улсын ардчиллын индекс унахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх буюу хэвлэн нийтлэх эрх чөлөө байна. Манай улсад олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас дуудан шалгах, хэвлэн нийтлэх эрхэд халдаж, цензур тогтоох гэж оролдож буй нь ардчиллын индекс унахад гол нөлөөг үзүүлж байна гэж харж болох юм.

-АВТОКРАТ ЗАСАГЛАЛТАЙ УЛС ОРНУУДЫН ТООНД БАГТАЖ ЭХЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ХҮНДРЭЛ УЧИРНА-

Дэлхийн улс орнуудын ардчилсан индкесийг тодорхойлох нь хэдий судалгаа мэт боловч нийгэм, эдийн засаг, соёл, улс төр зэрэг бүхий л салбарын үзүүлэлт энд хамаардаг бөгөөд энэ индексийг дэлхийн банкны засаглалын индексийг гаргах, авлигын төсөөллийн индексийг гаргахад шууд авч ашигладаг учир ихээхэн ач холбогдолтой. Иймд олон улсын байгууллагын санхүүжилт, тусламж, хөрөнгө оруулалт ихээхэн хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг. Мөн гаднын зээлийн хүүнд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл автократ засаглалтай улсын төр нь хэдийд ч ямар ч шийдвэр гаргах магадлал үүсчихдэг учир олон улсын хөрөнгө оруулагч нар энэ зах зээл рүү орж ирэхгүй байх эс бөгөөс тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгө оруулж байгаа тул зээлийн хүүгээ өндөр тогтоох нөхцөл үүсдэг байна.