УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгаж, Н.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин Б.Цэрэндоржид 6 жилийн хорих ял оноолоо.
Эргэн сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм.