Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг, халаалтаа цахилгаанаар шийддэг айл өрхүүдийн сарын төлбөр хэт өндөр гарч байгаа талаар иргэд ихээр гомдоллож буй.
Мөн эрчим хүч тасалдах, тог цахилгаанд нь гэмтэл гарсан асуудлаар иргэд "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-д хандах хэрэгцээ шаардлага их үүсч байгаа ч дуудлага мэдээлэл бүртгэх утсаа авдаггүй гэх гомдлыг хэлж байгаа юм.
Тэгвэл хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 7004-7004 утсаар хүлээн авах болсон талаар "УБЦТС" ТӨХК-иас мэдээллээ.
"УБЦТС" ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас дуудлага мэдээлэл бүртгэх утаснуудыг нэмэлтээр ажиллуулж эхэлсэн байна.
Тус дуудлага хүлээн авах утаснуудыг өнгөрсөн Баасан гарагаас /2025.03.14/ Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллуулаад энэ сарын 31-нд хаах аж. Тиймээс ирэх сарын 1-нээс хэрэглэгчдийг зөвхөн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авахыг зөвлөлөө. 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллана гэдгийг мөн онцоллоо.