Монголын банкны холбооноос өнөөдөр /2025.03.17/ “Банкны салбарын 2024 оны тойм” мэдээллийг хүргэлээ.
Энэ талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар ярихдаа: “Өнгөрсөн 2024 онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, өсөлттэй байлаа. Бодлогын хүү өндөр байсан ч бизнесийг дэмжихэд чиглэсэн банкуудын зээл олголт 37 хувь буюу өндөр өсөлттэй байна. Зээлийн огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд ирлээ. Банкны салбарын нийт актив 23 хувийн өсөлттэй бөгөөд системийн таван банк энэ онд 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах хүлээлттэй байна” гэлээ.
Түүнчлэн өнгөрөгч онд иргэдийн төгрөгт итгэх итгэл нэмэгдэж, бизнес зээл 37 хувиар нэмэгдэж, чанаргүй зээл түүхэн доод хэмжээнд хүрсэн гэв. Харин автомашины зээл буюу чанаргүй зээл өсөлттэй гарсан. Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь энэ онд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг харуулж байна гэсэн юм.