Онцгой байдлын албан хаагчид өнгөрөгч долоо хоногт 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Энэ сарын 10-16-ны хооронд улсын хэмжээнд / нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 сум/ нийт аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр дуудлага мэдээллийн дагуу албан хаагчид үүрэг гүйцэтгэж иргэдийн амь насыг авран хамгаалжээ. Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь гал түймрийн дуудлага эзэлж байна. Тодруулбал, нийт 80 удаагийн дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. Иймд хаврын хуурайшилтын өдрүүд эхэлсэн үед гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн гал түймрийн аюул ослоос болгоомжилж сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.