ШУУРХАЙ: Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх А.Мөнхтулгыг бүх насаар нь хорих зүйл ангиар яллажээ

ШУУРХАЙ: Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх А.Мөнхтулгыг бүх насаар нь хорих зүйл ангиар яллажээ

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Б.Ариунаад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн хорих ялыг, хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Улсын иргэн А.Мөнхтулга гэгч нь мөн гадаадын тагнуулын хэрэгт холбогджээ. 

Тодруулбал, А.Мөнхтулга гэх Монгол Улсын иргэнд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэг буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэх арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Харин тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх өнөөдөр /2025.03.17/ хийхээр товлосон байна. Тагнуулын хэрэгт холбогдсон А. Мөнхтулга гэгч нь өдгөө Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа аж. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн 2-д "Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.