М.Түвшинхүү: Метр 93 см өндөртэй, муухай царайтай нөхөрт эерэг дүр тэр бүр наалддаггүй байх

М.Түвшинхүү: Метр 93 см өндөртэй, муухай царайтай нөхөрт эерэг дүр тэр бүр наалддаггүй байх

“Цагаан сар”-ын өмнөхөн буюу 2025.02.28-ны өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүтэй ярилцлаа. Тэрбээр УДЭТ-ын хавар цагийн нээлт, 2025 оны анхны уран бүтээл “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжигт Эфрайм Кэбот гэх 75 настай өвгөний дүрийг бүтээж байгаа билээ.   

ВИДЕО:

Юуны өмнө танд МУГЖ гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд баяр хүргэе. Гавьяат жүжигчин болоод эхний дүрээ аваад тайзан дээр эхний тоглолтуудаа хийж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

Сайхан алдар цолыг хүртсэндээ баяртай байлгүй яах вэ. Ялангуяа ар гэрийнхэн маань, хамт олон маань их баяртай байгаа. Ер нь манай театр бол залуужсан. Миний бие энэ театртаа 25 жил ажиллалаа. Албан ёсоор ахмадынхаа тоонд орчихлоо. Тэглээ гээд бид омогшиж, омойтолгүй залуучууддаа зааж сургах, уриалж дуудах ийм л ажлаа хийгээд явж байна даа.

-УДЭТ-ын тайзнаа 25 жил гарч олон дүрүүдийг бүтээжээ. Эргээд бодоход хамгийн их жүжигчний ур чадвар шаардсан, сэтгэлд хоногшсон дүр аль нь байсан бэ?

Дүр бүрээ өөрийн хүүхэд шиг санаж, хайрлаж бүтээхийг зорьдог. Бүх дүрүүддээ хайртай байлгүй яахав. Миний 25 жилийн түүхэнд ажилласан жүжгүүдээс хориод гол дүр байна. Ажилласан гэвэл тоймгүй олон байна. Гол болон туслах дүрүүд, олны хэсэгт явсан, найруулагчаар ажилласан ч гэдэг юм уу олон дүр, олон уран бүтээл бий. Миний жүжигт тоглосон гол дүрүүд бол одоо яг 20 хүрч байна. Хамгийн анх би 2000 онд УДЭТ-ын тайзнаа Кармен жүжгийн гол дүрд тоглож байлаа л даа. Тэр үеийн жүжигчин М.Түвшинхүүгийн арга барил, аргачлал одоогийн М.Түвшинхүүгийн арга барил, аргачлал харин тэнгэр газар шиг ялгаатай. Түүнээс дүрдээ хандаж байгаа хандлага маань яг ижил.

-Таны хувьд театрынхаа хамгийн өндөр жүжигчин гэгддэг юм билээ. Тэгэхээр жүжигчин хүнд өндөр байх нь ямар давуу болон сул талыг өгдөг юм бол?

Миний нэг ярих дуртай юм байдаг. Жүжигчний амплуа гэж нэг юм байдаг. Жүжигчний амплуа гэдэг нь юу вэ гэхээр тухайн жүжигчний өөрийгөө илэрхийлэх арга барил гэж хэлж болно. Миний амплуа болохоор метр 93 см өндөртэй, тэгээд л нэг ийм муухай царайтай нөхөр байнга эерэг дүрд тоглоод байхаар тэр бүр наалддаггүй байх. Гэхдээ хийж, ажиллаж байлаа.

Яахав зүгээр хэцүү үе байлаа ш дээ. Одоо манай театр их сайхан болчихсон. Би түрүү хэлсэн. Дан залуучууд болсон. Манай театр дандаа гоё өндөр залуучуудтай болсон. Одоо манай Дашнамжил, Сэргэлэн, Тогтох, Мөнх-Эрдэнэ, Ганбат, Майдарравжаа байна. Бүсгүйчүүд охидууд маань ч гэсэн гоё гоё биетэй, өндөр сайхан зэгзийсэн жүжигчид дүүрэн байна. Намайг анх орж ирж байхад бол ийм хүмүүс байсан. Гэхдээ би чинь “ансамбль эвдэнэ”  гэдэг шиг жигтэйхэн өндөр нөхөр байлаа ш дээ. Одоо харьцангуй гайгүй. Нуруу маань ч сууж байгаа байх л даа.

-Танд голдуу сөрөг дүр оногдоод байх шиг санагддаг. Энэ удаад тоглож буй Эфрайм Кэбот дүрийнхээ талаар бас хуваалцахгүй юу?

Энэ Кэбот гэдэг дүрийн хувьд бол 75 настай өвгөн. Энэ өвгөн ямар мөн чанартай юм бэ гэвэл өөрийн гэсэн юмандаа өмчирхөг, эзэрхэг ерөөсөө бусдад зүгээр юмаа өгдөггүй, харамч, хахир, хатуу зантай хэдий ч юуны төлөө ажиллаж, амьдарч, юуны төлөө өчнөөн хөрөнгө, эдлэн газрыг цуглуулж, босгож, зүтгэж байгуулсан юм гэдгээ ойлгохгүй явсаар хамгийн эцсийн цэг дээрээ очоод ойлгож байгаа байхгүй юу. Ер нь амьдрал гэдэг чинь ийм байдаггүй юм байна. Хөрөнгө мөнгө хураахдаа гол нь биш юм байна. Хамгийн гол юм чинь хайр, эцгийн хайр эхийн хайр ялангуяа эхийн хайр үзээгүй хүүхдүүд ямар хүмүүс болж өсч өндийдөг юм бэ. Энэ тухай л хөндсөн жүжиг.

-УДЭТ хавар цагийн нээлтээ “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмаар хийж байна. Энэ жүжгийг энэ цаг үед яагаад тоглох болов?

Манай УДЭТ-ын хавар цагийн нээлт, 2025 оны хамгийн анхны уран бүтээл “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” гуравдугаар сарын 5-аас нээлтээ хийгээд явж байна. Америкийн зохиолч, нобелийн шагналт Южин Ониль-ийн зохиол байгаа. Энэ жүжгийг манай эрдмийн театр тэртээ 1996 онд ОХУ-ын Бурядын нэртэй найруулагч Кандратиев ирж найруулж байсан. Энэ жүжиг яагаад тавигдах болов оо гэхээр манай театрын ерөнхий найруулагч, ерөнхий захирал маань энэ жүжгийг сонгосон учир нь энэ цаг үед дуугарах ёстой ийм бүтээл байна гэж харж сонгосон. Уран бүтээлчид бидэнд зохиолыг нь нэгдсэн байдлаар уншуулж, зохиолынхоо задаргаа, эхлэх санаа, гол туйлын зорилго, юу хөндөөд байна тэрийг ойлгуулдаг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн гэдэг юм уу ер нь жендэрийн асуудал яригддаг шүү. Энэ бүхнийг харж байх нь ээ яалт ч үгүй цаг үеэ олсон, үзэгчдэд хүртээл болох ёстой жүжиг байгаа юм.

Театр бол амьд харилцаа, амьд урлаг гэдгээрээ үзэгчид, жүжигчид хоёрыг аль алийг нь соронз мэт татаж байдаг. Тэгэхээр үзэгчиддээ хандаж бас хэлмээр санагддаг үг байдаг болов уу?

Театр үзээд сурчихсан үзэгчид байна. Театр үзэхэд суралцаж байгаа үзэгчид байна. Энэ үзэгчдээсээ аминчлан гуймаар байна. Та бүхэн маань 19:00 цагт зарлагдсан тоглолтдоо цагтаа ирж байгаач ээ. Театр өөрийн гэсэн хонхтой. Яг тэр хонхондоо захирагдаж, хөшиг нээгддэг хуультай. Та бүхэн минь түгжрэлээ тооцоод гэрээсээ эрт гараад, ажлаа зохицуулаад, машин тэргээ хаана тавихаа зохицуулаад ирж байгаарай.

Хоёрдугаарт, театрт орж ирэхдээ та бүхэн минь өөрсдийн гэсэн ихэмсэг зан төрхөө харуулж гайхуулж өөрсдийгөө мэдэрч орж ирвэл ямар гоё вэ, миний үзэгчид. Тэгэх юм бол үнэхээр сайхан. Тэгэхгүй биеийн тамирын хувцастай ч юмуу театрт орж ирээд сонгодог жүжиг үзээд ойлгоно гэхээр нэг л наалдахгүй байдаг.

Гуравт, театрт орж ирчихээд чипс идээд, уут шажигнуулаад, ундаа писс хийтэл онгойлгоод байдаг. Гэтэл энэ чимээ чинь бусад үзэгчиддээ ч тэр, жүжигчиддээ ч тэр сэтгэлзүйн жижиг жижиг дарамтыг үүсгээд байдаг.

Тэгэхээр театрыг зорин ирдэг үзэгч түмэндээ театрынхаа хамт олны өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Театр үзэж сурна гэдэг бол гайхалтай том хүмүүжил, соёл юм шүү гэдгийг хэлмээр байна.




Өнөөдөр хонь өдөр

8 цагийн өмнө