Монгол Улсын Засгийн газраас Австрид ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний эцсийн буюу гурав дахь шатны хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулж, өчигдөр өндөрлөжээ. Гурав хоног зохион байгуулсан хэлэлцээрийн болон хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг шинжээчдийн түвшинд эцэслэн тохиролцсон байна. Ингэснээр талууд Хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн дагуу эхлүүлэхээр болжээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон баталснаар Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх аж.
Өнөөдрийн байдлаар Австрид манай улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монголд БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна.