"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гэр хорооллыг утаагүй болгох олон төслийг санаачилж, түүгээрээ контент бүтээдэг нэгэн.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард НЗДТГ-ын 28.5 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух авах тендерийг эсэргүүцэж, мэдээлэл түгээж байсан юм. Түүний энэ үйлдэлд нүүдэлчин зуух нийлүүлэгч "Экоресурс" ХХК компани 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Ц.Түмэнбаяр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5тэрбум₮ 32.000ш стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард БГД-т шахсан 2000ш зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм. Тэхээр иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000ш зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай! Экоресурс ХХК” гэжээ.