Автомашин импортлогчдын эсрэг Х.Нямбаатарын гаргасан гомдлыг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.
Сонирхуулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард импортоор орж ирж байгаа автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс болж автомашин импортлогчид өөрийн бизнес эрхлэх эрх чөлөөг боож байгаа талаар удаа дараа мэдээлэл өгсөн юм. Тэгвэл үүний хариуд хотын дарга Х.Нямбаатар автомашин импортлогчдыг “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж хэлж байсан. Энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр явж буй.
Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан. Улмаар энэ хэргийг анхан шатны шүүхээр өчигдөр хэлэлцээд Х.Нямбаатарын гомдлыг хүлээн авч, 1 тэрбум төгрөгийг битүүмжлэх шийдвэрийг хүчингүй болгожээ.