80 мянга орчим иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг тараагдаагүй байна

80 мянга орчим иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг тараагдаагүй байна

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдэд байгалийн баялгийг тэгш шударгаар хүртэх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамтран ажиллаж байна.

Улсын хэмжээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэн бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд 3.2 сая иргэнд 5 удаа нийт 1.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгосон бөгөөд 80 мянган орчим иргэдийн хувьцааны ногдол ашиг тараагдаагүй байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан, Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхан нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашгийг ямар нэгэн шалтгаанаар аваагүй, бүртгэл судалгаанд огт хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд дээрх байгууллагын удирдлагууд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэлзүйн хэлтсийн дарга Т.Галбадрах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Н.Оюунчимэг болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа 1072 хувьцааны ноогдол ашиг авч байгаагүй хоригдлын бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, цаашид асрамжийн газар, хилийн чанад дахь ноогдол ашиг аваагүй иргэдийг олж тогтоох, иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.