Авто зогсоол байгуулж, түгжрэлийг бууруулах ёстой ч орлогынхоо 40 хувийг нийслэлд төлөхөөр журамласан тул хувийн хэвшлүүд төлбөртэй зогсоол ажиллуулдаггүй

Авто зогсоол байгуулж, түгжрэлийг бууруулах ёстой ч орлогынхоо 40 хувийг нийслэлд төлөхөөр журамласан тул хувийн хэвшлүүд төлбөртэй зогсоол ажиллуулдаггүй

Түгжрэлийг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг нь автомашины зогсоолыголноор бий болгох гэдгийг зам тээврийн мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч хотын төв цэгээр автомашины төвлөрсөн зогсоол байхгүйгээс замын түгжрэл, бөглөрөл бий болж байна. Мөн зогсоол хайж яваа жолооч нар ч түгжрэлд хувь нэмэр оруулж байгаа.

-ХУВИЙН ХЭВШИЛ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА БОЛ ОРЛОГЫНХОО 40%-ИЙГ НЬ НИЙСЛЭЛД ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ ЖУРАМЛАЖЭЭ-

Нийслэлийн хэмжээнд 785 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Иймд төлбөртэй зогсоолуудыг хотын төв цэгт бий болгох нь нэн тэргүүний асуудал гэдэг нь харагдаж байна. Гэтэл нийслэлээс одоог хүртэл төв цэг орчмоороо автомашины төвлөрсөн зогсоол байгуулсангүй. Байсан зарим нэгийг нь буюу төв талбайн урд талын автомашины зогсоол, драмын театрын автомашины зогсоол зэргийг татан буулгаж оронд нь ажилладаггүй усан оргилуур, хүн үздэггүй цэцэрлэгт хүрээлэн, талбай хийчихсэн.

Төлбөртэй зогсоолыг хувийн хэвшил нь ч өнөөг хүртэл хийсэнгүй. Яагаад хийгээгүй нь шалтгаантай. Хотын дарга асан Т.Билэгтийн үед баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” гэх 2011 оноос хойш мөрдөж ирсэн журмын дагуу үйлчилгээнээс олох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлнэ гэж заасан байж.

Тодруулбал уг журмын 5.1.2-д зааснаар хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс олох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлнэ гэж заасан байгаа юм.

Улмаар “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-д 2021 онд өөрчлөлт оруулж, төлбөртэй зогсоолын үйлчилгээнээс олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлнэ гэж заажээ.

-ЖИЛД 900 САЯАС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АВТО ЗОГСООЛЫН ТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛЖ НИЙСЛЭЛД ТӨВЛӨРҮҮЛДЭГ-

Жилд дунджаар 900 саяас 1.4 тэрбум төгрөгийг авто зогсоолын төлбөрөөр дамжуулж, нийслэлд төвлөрүүлдэг байна. Харин энэ жилийн тухайд 1.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага хяналтын хэлтсийн дарга Л.Рэнцэнханд ярьжээ.

Гэтэл ашиг олохын тулд бизнес эрхэлдэг хувийн хэвшлүүд бизнес хийгээд олсон орлогынхоо 40 хувийг улсад тушаах ёстой гэнэ. Тэгвэл бид нэгэн бизнес эрхлэгчээс “Хэрэв орлогынхоо 40 хувийг улсад төлөх ёстой бол та бизнес эрхлэх үү” гэж асуухад, “Тэнэг л биш бол хэн ч тийм бизнес эрхлэхгүй шүү дээ” гэсэн юм.

Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, төрийн байгууллагуудын ажилчдыг нэг өдөр цахимаар ажиллуулах, яамдуудыг нүүлгэх, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэх, татвар нэмэх, улсын дугаар олголтыг хязгаарлах, хөдөө орон нутгаас орж ирж байгаа машинаас төлбөр авдаг болох зэрэг хориглох, хязгаарлах маш олон арга хэмжээ хэрэгжүүлдэг ч  ганц нь ч түгжрэлийн эсрэг дорвитой үр дүн авч ирсэнгүй.

Харин Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг, "Авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэснээр түгжрэлд эерэг нөлөө авчирна. Нийслэлийн хэмжээнд 150 орчим байрлалд 12 мянга орчим машины зогсоол байдаг ч энэ нь огт хангалтгүй" гэж хэлж байсан удаатай. Гэвч хувийн хэвшлийг ч хүртэл автомашины зогсоол бий болгох боломжгүй болгож, орлогынх нь 40 хувийг шууд авна гэдэг бол хуульчлагдсан дээрмээс өөрцгүй зүйл.