Анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуунд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх П.Батчулуунийг хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, 2.6 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ийнхүү өнөөдөр /2025.03.13/ тус шүүх хэлэлцэхээр товлосон юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Батчулуун нь " хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авсан" гэх хэргийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах гомдолдоо дурдсан байна. Тэрбээр давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох бол таван хавтас, 1032 хуудас бүхий тус хэргийг шүүх илтгэгч шүүгчээр Л.Дарьсүрэн, прокуророор М.Амарзаяа оролцох аж.
П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалыг хашиж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг бөгөөд эл хэргээр түүнд анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон юм.
Эргэн сануулахад, ийнхүү хорих ял шийтгэгдэж, Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан П.Батчулууны биеийн байдал долоо хоногийн дараа муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн байдаг.
-Ж.ЧИНБҮРЭН: ЭМЧ НАР, БУСДЫН ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАХ ЯВЦДАА ХОХИРОГЧ БОЛОХ ЁСГҮЙ-
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.
Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсч болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо.
Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана" хэмээн цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлж байв.