Халтиргаа, гулгаанаас үүдэн зам тээврийн осол, бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.
Өчигдөр буюу энэ сарын 11-ний байдлаар, халтиргаа гулгаанаас үүдэн зам тээврийн осолд өртсөн, унаж бэртсэн нийт 50 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 36 хувь /18/ нь эрэгтэй, 64 хувь /32/ нь эмэгтэйчүүд байна. Харин 0-18 хүртэлх насны хүүхэд 16 хувь /8/-ийг эзэлж байгаа юм. Иймээс иргэд та бүхэнд гудамж талбай, налуу газар болон шат довжоо, гялгар хавтан зэрэг халтирч унах эрсдэлтэй орчинд болгоомжтой явах, авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж зорчихийг зөвлөж байна.