Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1703, улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Шалгалтад оролцох иргэд иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “ Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар явуулж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Ингэснээр хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болгож, шалгалтын дүн бусдаас бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад дээд оноо авах нөхцөл бүрдсэн” гэв.