Монголын их шүтээн Их Монгол улсын далай их Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаадын судалгааг үеийн үед дэлгэрүүлэн судалж олон нийтэд таниулах нь Монгол улсын иргэн бүр, түүний дундаас уран бүтээлчид, судлаачдын хувьд туйлын хүндтэй бөгөөд бахархал билээ.
Энэхүү бахархлыг түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой “ХААН” хөрөг бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр /2025.02.22/-өөс эхлэн Чингис хаан музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд хүрч эхэллээ.
ВИДЕО:
Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан Тайванийн Тайпэй хотын үндэсний музейд хадгалагдаж буй Их Монгол улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай гурван их хаадын эш хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний ордны зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан авд мордсон нь” бүтээл, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн “Чингис хаан”, “Өвгөн хуурч” зэрэг түүхэн бүтээлүүдийг үндэслэн судалж дараах уран бүтээлчид:
- МУЭ- гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт, Зураач Туяагийн Одон
- МУЭ-ийн гишүүнЗураач Амгаланбаярын Ууганбаяр
- Уран Барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун
тус бүр өөрийн оюун санаа, дүрслэл, зохиомжийг боловсруулан уран зураг, уран баримлаар Хаадын дүрийг бүтээж олон нийтэд хүргэж байна. Нийт 20 гаран уран бүтээлийг үзэж сонирхохоос гадна Их хаадын дүрүүдийн төрх, зан байдлыг урлагийн бүтээлээр хэрхэн илэрхийлснийг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс мэдрэх болно. ХААН үзэсгэлэн нь 2024 оны 02 дугаар сарын 22 ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд Чингис Хаан музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд хүрэх болно.