Украинд энхийг сахиулахаар Британийн цэргийг илгээхэд бэлэн гэдгийг Их Британийн Ерөнхий сайд К.Стармер мэдэгдлээ

Украинд энхийг сахиулахаар Британийн цэргийг илгээхэд бэлэн гэдгийг Их Британийн Ерөнхий сайд К.Стармер мэдэгдлээ

Украины дайныг зогсоох зорилготой хэлэлцээ удахгүй эхлэх гэж буй энэ үед дайны дараа энхийг сахиулахаар Британийн цэргийг илгээхэд бэлэн байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ням гарагт мэдэгджээ.

Их Британийн цэргийн алба хаагчид болон эмэгтэйчүүдийг “эрсдэлтэй байдалд оруулах” шийдвэрийг гаргахад тийм ч хялбар байгаагүй гэдгийг К.Стармер дурдаад, Украинд энх тайвныг тогтоох нь В.Путиний түрэмгийлэл цаашид үргэлжлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэжээ. Украин болон Европын орнууд нь дайныг зогсоох аливаа “бодит хэлэлцээний” нэг хэсэг байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт мэдэгджээ. Энэ долоо хоногт болох АНУ-Оросын хэлэлцээ нь В.Путин энх тайвны асуудалд хэр нухацтай хандаж байгааг харуулна.

К.Стармер “Daily Telegraph” сонинд мэдээлэхдээ "дайн дуусах нь В.Путин дахин дайралт хийхээс өмнөх түр зуурын завсарлага болох ёсгүй" гэсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины асуудлаарх хэлэлцээг Парист зохион байгуулсны дараа К.Стармер Германы Канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болон Европын бусад удирдагчидтай уулзах төлөвтэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт өөрсөдтэй нь зөвлөлдөлгүйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, энхийн үйл явцыг эхлүүлнэ гэдгээ зарласан нь НАТО дахь Европын холбоотнууд болон Украины гайхшралыг төрүүлээд байгаа юм. Уг явдлын дараа Д.Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог хэлэхдээ, Украин болон Европын бусад удирдагчдыг энхийн хэлэлцээнд оролцуулахгүй гэжээ.