Панам улс Америкийн засгийн газрын мэдлийн хөлөг онгоцнуудыг Панамын сувгаар дамжин өнгөрөх хураамжаас чөлөөлсөн гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэн байна.
Тодруулбал, X нийгмийн сүлжээн дэх АНУ-ын Төрийн департаментын албан ёсны хуудаст, "Панамын засгийн газар АНУ-ын засгийн газрын хөлөг онгоцнуудаас Панамын сувгаар дамжин өнгөрөх төлбөр авахгүй байхаар тохиролцлоо" гэжээ. Энэ нь АНУ-ын засгийн газарт жил бүр олон сая ам.доллар хэмнэж байна гэж мэдэгджээ.
Харин Төрийн департаментын уг мэдэгдлийг Панамын сувгийн удирдах газар үгүйсгэсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус мэдээлэлд, "Панам улсын засгийн газраас зам ашигласны төлбөр хураах арга, суваг дамжин өнгөрөх эрхэд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Панамын сувгийн захиргаа АНУ-аас цэргийн хөлөг онгоцыг нэвтрүүлэх асуудлаар Америкийн холбогдох албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж мэдэгджээ.
Сонирхуулахад, өмнө нь Ерөнхийлөгч Д.Трамп Панамын сувгийг хяналтдаа авах, тэр дундаа цэргийн аргаар хяналтаа авах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Энэхүү суваг нь Номхон далай дахь Панамын буланг Карибын тэнгис, Атлантын далайтай холбодог юм.
Эх сурвалж: BBC