Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. Тэгвэл нэг гэр бүлийн зургаан хүн угаартсан байдалтай нас барсан тухайн хэрэг явдал чухам юу болов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.
ВИДЕО:
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны гэр хороололд "онгорхой төмөр хаалга" хяхтнан дуугарах нь цаана л нэг гуниг, харуусал болсныг илтгэх шиг. Тухайн хашаанд нэг монгол гэр, нэг байшин байх бөгөөд гэрийн гадна утаагүй зуух гаргаж "хаяжээ". Тэнд хэдэн нялх гөлөг нөмөрлөн хэвтэж байгаа харагдав. Харин айлд хүн байсангүй.
-ГЭР БҮЛИЙНХ НЬ ЗУРГААН ХҮН АМИА АЛДСАН ТУЛ ТОМ ХҮҮГ НЬ ЦЭРГИЙН АЛБАНААС ГАЧИГДЛААР ЧӨЛӨӨЛЖЭЭ-
Харамсалтай хэрэг явдал гардаг шөнө -7 градусын хүйтэн хоножээ. Цаг агаар тогтуун дулаан байсан нь магадгүй нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж, амь насаа алдах эрсдэлийг үүсгэсэн байж болзошгүй юм. Ийн өгүүлэхийн учир нь гадаа тогтуунд шахмал түлшний шаталтын процесс удаан явагдаж, угаар ихээр гардаг байна. Тиймээс ч угаарын дуудлага мэдээлэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр ирдэг гэдгийг албаныхан тодотгодог нь үүнийг баталж буй хэрэг.
Угаартсан байдалтай амиа алдсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү нь 2024 оны тавдугаар сард цэрэгт татагдан, цэргийн алба хааж байжээ. Хэрэг гардаг өдөр тухайн гэрийн эзэгтэй гурван хүүхэд болон ахтайгаа, мөн хамаатныхаа нэг хүүхэдтэй хамт зургуулаа хонож байгаад бүгд амиа алдсан байна.
Уг хэрэг явдлын талаар талийгаач эмэгтэйн ах нь мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн аж. Тодруулбал, ах нь талийгаач дүүгийндээ ирээд хаалгыг нь тогштол хаалгаа тайлахгүй байсан тул цонхоор нь орж, дүү нараа нас барсныг мэдэж, цагдаа, эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн байна. Уг харамсалтай хэрэг явдалтай холбоотойгоор талийгаачийн хүүг цэргийн албанаас "ар гэрийн гачигдал"-аар чөлөөлөөд байгаа бөгөөд биднийг тухайн айлд очих үеэр гэртээ тэрбээр байгаагүй юм.
-"ХАШААНДАА ГҮЙЛДЭЖ, ТОГЛООД БАЙДАГ ХҮҮХДҮҮД НЬ ХӨДӨӨ ЯВААД ИРЭХЭД ХАРАГДАХАА БОЛЬСОН БАЙСАН"-
Харин хажуу айлынх нь эзэгтэй "Хөдөө яваад ирэхэд хажуу айлд харамсалтай хэрэг гарсан байсан. Чухам юу болсныг сайн мэдээгүй. Айлын ахын хэлснээр цагдаа, түргэн тусламжийн машин ирээд бужигнаад байсан гэсэн. Уг нь эднийх олон жаахан хүүхдүүдтэй. Тэд нь хашаандаа гүйлдэж, тоглоод байдаг байсан. Гэтэл хөдөө яваад ирснээс хойш огт харагдаагүй. Магадгүй бүгд амиа алдсан байх" хэмээн харамсангуй ярьсан юм.
Харин шахмал түлшний борлуулалтын ажилтан "Тухайн айлын хүмүүсийг бүгдийг танина. Ах нь түлшээ зөөгөөд явдаг байсан. Гэтэл саяхан бүгдээрээ угаартаад нас барсан харамсалтай хэрэг гарсан байна лээ. Хамгийн сүүлд хэзээ, хэдэн шуудай түлш авсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэднийх нэг авахдаа 2-3 шуудай түлш авдаг байсан. Магадгүй амьдралын нь боломж тийм байсан байх" гэв.
-УГААРТСАН БАЙДАЛТАЙ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙ АМЬДРАЛЫН БОЛОМЖ ТААРУУ, ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ БАЙЖЭЭ-
Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Талийгаач эмэгтэй өрх толгойлсон, дөрвөн хүүхэдтэй ээж байсан. Харамсалтай нь гурван хүүхэд болон хамаатныхаа дүү, ахтайгаа хамт бүгдээрээ угаартаад нас барсан гэх мэдээг сонссон. Том хүү нь цэрэгт алба хааж байсан ч гэр бүлд нь гачигдал гарсан учраас албанаасаа чөлөөлөгдөөд ирсэн. Амьдралын боломж тааруу, хөгжлийн бэрхшээлтэй ахтай хамт амьдардаг байсан. Тиймээс ч хороо, дүүргээс "Дэлхийн зөн"-д хамруулж, өнгөрсөн жил гэр өгч, хүлэмж байгуулж өгсөн байсан. Уг нь өрхийн эмнэлэгт ажилладаг ажил төрөл сайтай эмэгтэй байсан юм" гэх мэдээллийг өгсөн юм.
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт угаартаж амь насаа алдсан тохиолдол өмнө нь бүртгэгдээгүй байна. Харин угаарын улмаас хордсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ. Тиймээс ч өнгөрсөн намар тухайн хорооны айл өрх бүрд утаа мэдрэгч тарааж, холбогдох албаныхан нь айлуудаар явж, хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд угаартаж нас барсан байж болзошгүй гэгдэх тухайн айл угаар мэдрэгчтэй байсан байна. Энэ нь ч хэдхэн хоногийн өмнө тухайн айлд шалгалтаар очсон багийн тэмдэглэлд бичигдэн үлджээ. Гэсэн ч айлын хүмүүс угаартсан байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан байна. Тиймээс ч уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.