Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй утсаар ярьжээ.
Энэ үеэрээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн улс орнуудын (COP17) 17 дугаар чуулганы бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Уг хурал 2026 онд Улаанбаатарт болох юм. Тодруулбал, Сайд Б.Батцэцэг 2025 онд НҮБ-ын 80 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд өндөр ач холбогдол өгч байгааг онцлоод, Ерөнхий нарийн бичгийн дарга 17 дугаар чуулганд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён А.Гутерриш сайд Б.Батцэцэгт талархаж буйгаа илэрхийлж, COP17 зохион байгуулах бэлтгэл ажилд амжилт хүслээ. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд удахгүй болох Сар шинийн мэндчилгээг уламжилсан байна.