“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ

“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болжээ.

Засгийн газраас 2021-2024 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу нийт 954  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч,  “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэд нийт 292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн. Хоёр жилийн дотор 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий шинэ барилга  барина. Нийтдээ 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.