Кэмбрижийн хөтөлбөртэй 10 мянган сургуулийн дунд жил бүр болдог "Cambridge Science Competition" уралдаанд монгол сурагчид шалгарчээ.
Тодруулбал, "Шинэ үе" сургуулийн Д.Чинзориг багштай зургаан сурагч "10-17 насны өсвөр үеийн сурагчдын уушгины хөгжилд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны бүтээлээрээ оролцож, "Алтан" үнэлгээ авсан 151 сургуулийн 308 бүтээлийн нэг болсон төдийгүй Зүүн Азийн бүсийн "Шилдэг бүтээл" шагналыг авсан байна.
Энэхүү уралдаан 14-16 насны сурагчдын дунд өнгөрсөн оны 5-11 дүгээр сард болж дүн нь өнгөрөгч сарын эцсээр гарсан бөгөөд "Best in World 2024" буюу "Дэлхийн шилдэг" шагналыг Тайландын "Англо Сингапур" олон улсын сургуулийн сурагчид авчээ. Тэд агаарын чийгшлийн конденсацийн систем хөгжүүлэх судалгаа хийсэн аж. Энэ нь агаар дахь чийгээс ус гарган авч хөргөгчний хөргүүрийн систем зэрэгт ашиглах судалгаа бөгөөд дахин боловсруулаад ундны усанд ашиглах боломжтойг нь тогтоосон юм.