Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Т.Дүүрэнг АТГ-аас "албан тушаалаа урвуулан ашигласан" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр /2024.11.28/ саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх зүйл ангиар яллагдагчаар татан, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Харин шүүх тус саналыг хэлэлцээд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Улмаар түүнийг өнөөг хүртэл цагдан хорьсон хэвээр байгаа аж.
Тодруулбал, Т.Дүүрэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид Т.Дүүрэнгийн өмгөөлөгч нар гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлэхээр шүүх хандсан байна. Харин шүүх тус гомдлыг хэлэлцээд өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар Т.Дүүрэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сараар сунгаж, шийдвэрлэсэн байна.