Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна.
Тус төслийн хүрээнд гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур болох цогц шийдлийг туршилтын шугамаар нэвтрүүлсэн. Шинээр эхэлж буй төслийн хүрээнд тус шийдлийг өргөжүүлж, Чингэлтэй дүүргийн 100 өрхөөс эхлэн, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 1000 өрхийг үе шаттайгаар нарны эрчим хүчинд шилжүүлэхээр зорьж байна.
Төсөл нь нүүрстөрөгчийн кредитийн орлого, цахилгаан борлуулалт, шилжүүлсэн нүүрсний татаас зэрэг боломжит төсвийн урсгалыг судлах замаар нарны цахилгаан эрчим хүчний санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох юм. Түүнчлэн, бодлогын дэмжлэг, санхүүгийн урамшуулал олгох замаар сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, зан байдалд өөрчлөлт бий болгохоор зорьж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Мандуул “Бидэнд цэвэр агаар, өртөг багатай эрчим хүч шаардлагатай байна. Хотын иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, эрчим хүчний зардлыг бууруулан, Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодит, урт хугацааны шийдлийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү санаачилга нь тогтолцооны түвшинд өөрчлөлтийг бий болгоход чухал ач холбогдолтойг онцлоод, “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд бүх түвшний хамтын ажиллагаа шаардлагатай. Инновац, хөрөнгө оруулалт, тууштай байдлын үр дүнд Монгол Улс нүүрсний хамаарлаас ангижирч, хүн бүрд хүртээлтэй хөгжлийг бий болгож чадна” гэв.