Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна.
ВИДЕО:
Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-н ажиллаж байсан иргэн Я.Батцэнгэл ноцтой баримт дэлгэсэн юм. Энэ талаар нь түүнээс тодруулахад, "Би 2024.07.03-аас 2024.08.07-ны хооронд "Тавантолгой түлш" компанийн дулаан дамжуулах төвийн зангилгаа, шугам хоолойн хэсэгт дулаалгын ажил хийж байсан. Тэр үед, биднийг угаартуулж, хордуулаад байгаа, гадагшаа өндөр үнэтэй шинжилгээнд явуулаад байгаа шахмал түлшний барьцалдуулагчийг нууран дунд, усан дунд хадгалж байсан. Химийн бодисыг хадгалах горим гэж бий. Гэтэл энэ барьцалдуулагчийг хоёр хаалгатай, усанд автсан агуулахад хадгалж байсан. Дор хаяж дороос нь чийг авахуулахгүй, дор нь подон тавьсан байх ёстой. Тийм зүйл байхгүй. Урт хугацаанд ингэж хадгалдаг юм билээ. Тэр ч бүү хэл, энэ агуулах дээр насанд хүрээгүй хүүхэд ажиллаад хордсон. Намайг ажиллаж байхад насанд хүрээгүй хүүхэд хордоод, хөшөөд, царай нь цонхийгоод, ухаангүй болсон. Хажууд нь уул овоо шиг төмрийн хогнууд байдаг байсан. Тухайн үед би удирдлагуудад нь Ц.Мөнх-Эрдэнэ болон няравтаа "Хаалгаа онгойлгооч, химийн бодисд хүүхдүүд хордоно" гэж хэлсэн. Тэгэхэд онгойлгож өгөөгүй" гэсэн юм.