Мэнингококкын халдварын дэгдэлттэй холбоотойгоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сэтгүүлчид мэдээлэл өглөө.
Тэрбээр”5-6 жилийн циклтэйгээр мэнингококкын халдварын дэгдэлт идэвхэждэг. Сүүлд 2019 онд мэнингококкын халдварын вакцин хийснээс хойш жилд 4-5 тохиолдол бүртгэгдэж байна. Мөн 2008 онд мэнингококкын 2000-3000 тохиолдол бүртгэгдэж, 200-300 хүүхэд эндэж байсан. Нэг сарын хугацаанд гурван тохиолдол бүртгэгдсэн. Иргэдийн хувьд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах уу гэдгийг их асууж байгаа. ЭМЯ мэдээлэл сайтай, бэлтгэлээ сайн хангасан. Сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж мэнингококкын вакциныг оруулж ирж чадаагүй.
Одоо дэгдэлтэй холбоотойгоор ДЭМБ-тай хамтран вакцин захиалсан. Ер нь зургаан жилийн хугацаатай дэгдэлт давтагдаж байгаа. Өнөөдрийн хувьд сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд очоогүй байна гэж үзэж байна.Цаашид нөхцөл байдлыг харж, хяналтыг сайн тавих хэрэгтэй. Цахилгаан менингит бол маш аюултай өвчин. Халдвар авснаас хойш 6-12 цагийн хооронд бүх тавилан шийдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Халдвар тээгч нь том хүн учраас анхаарч ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүхийг зөвлөж байна. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлалыг анхааруулах хэрэгтэй" гэв.